Элбэгдорж оо, яах вэ?

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-03-20

1. Яагаад аливаа үндэстэн тусгаар тогтнож, үндэстний төрөө байгуулдаг билээ. Төрийг байгуулах гол зорилго бол “united strength of all individual” буюу бүгдээрээ нийлээд хүч чадалтай байхад оршдог. Та бол Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монголын төр өнөөдөр хүчтэй байна уу үгүй юу, эсвэл Монголчууд бид бусдын тоглоом болоод ядуу зүдүү амьдарч байна уу? Монголын төрийг байгуулсан гол зорилго хаачив, Монголын ард түмний сайн сайхан хаачив?

2. Та бол Монголын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл. Гэтэл ард түмэн, төр улс юуны төлөө эв нэгдэлтэй байдаг билээ. Бүгдээрээ чадалтай, хүчирхэг байхын тулд эв нэгдэлтэй, эрхэм үнэтүүдтэй байх ёстой биз дээ. Өнөөдөр Монгол үндэстэн, Монгол хүн, Монгол төр хүчирхэг байж чадаж байна уу? Хэрвээ энэ бүхэн үгүй гэвэл эв нэгдэл чинь яаж орших вэ? Таны Монголын төрийн тэргүүн байх, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэх эрхэм үүрэг хаачив.

3. Та өнгөрсөн жил АНУ-д айлчлах үеэрээ Стэнфорд их сургуулын HOOVER-ын дайны судалгааны хүрээлэнд хүрэлцэн очиж профессор Фрэнсис Фукуяама-тай уулзсан. Таны номын дуу сонсож, нүд тайлах гэж очсон энэ профессор саяхан “The Origins of Political Order” гэсэн номоо туурвиж, либериализмын гай гамшиг, сүйрлийг нэг бүрчлэн дурдан, ингэхдээ та бүхний хүсэл мөрөөдөл болсон АНУ-ын демократ буюу ард түмний төрийг авч явж байгаа дундаж давхаргынхан нэг өглөө босоход устаж алга болоод доод давхаргад орж демократ буюу ард түмний төрийг авч явах дундаж давхрага АНУ-д устаж алга болсныг бичээд шүүрс алдан шаналж байгаагаа ярьсан байна.

4. Нэр хүнд цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг Давосын дэлхийн эдийн засгийн форум капитализм дэлхий нийтэд сүйрч унасныг дурдаад, социализмыг зохиомлоор унагаасныг харамсалтайгаар илэрхийлэн, социализм болоод капитализм хоёрын дундаас аль альных нь давуу талыг авч хүн төрөлхтнийг хямрал, сүйрлээс аврах гарцын тухай санал гаргасан байна. Капитализмын сүйрлийн тухай ярихдаа либериализм энэ бүх гай гамшгийг авчирсан гэдгийг тодоос тод дурдсан. Та Монголын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд энэ бүгдийг анзаарсан уу?

5. 1990 онд демократ буюу ард түмний төрийг Монголд эхлүүлэхдээ намт төрийг устгана гэж ард түмэндээ амласан биз дээ. Харин өнөөдөр Монголд МАН, АН гэсэн улс төрийн хүчнүүдийн хормойг тойрч, хотонд нь орохгүй л бол Монгол хүн ямар ч амьдралгүй болсон. Намаар амьдарсан тогтолцоо Монгол хүнийг, Монгол төрийг хоосруулж, намт төр одоо ч Монголд амь бөхтэй оршсон хэвээрээ байна. Намт төрийг устгана гэж амласан таны амлалт хаачив?

6. Демократ-Ард түмний төр гэдэг нь хүмүүнлэг үзэлтэй (humanitarian), олны төлөө гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байхад Ардчилсан нам яагаад цөөхөн хүний төлөө дураараа дургиж дунд чөмгөөрөө наадагчдын нам болж хувирав. Яагаад демократ-ард түмний төлөө гэсэн анхны зорилгоосоо ухрав.

7. Ардчилсан нам либериализмын идеологитой нам гэж өөрсдийгөө 22 жил гайхуулсан. Гэтэл 2008 оноос либериализмын политик, эдийн засаг, нийгмийн бодлого хувь хүний дур тавихыг, дураараа авирлахыг хэт урамшуулсанаас болж олон хүний сайн сайхны төлөө байгуулагддаг төрийг оршин тогтноход аюул учруулж, демократ-ард түмний төрийг оршин тогтнох ямар ч бололцоо байхгүй болгосныг та бидний барууны хөгжилтэй орон гэж шүтэж явдаг орнуудын мэдлэгтэй хүмүүс нотолж байна.

8. Либериализм төрийг сүйрүүлж, демократыг сүйрүүлснийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрчихөөд байхад Монголын улс төрч гэх тодотголтой нөхдүүд энэ талаар ямар ч ойлголтгүй явна. Монголын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч та Монголын төр болон Монголын ард түмний сайн сайхны төлөө либериализм сөнөж авсандаа орсон гэдгийг яагаад анхааруулахгүй байгаа юм бэ?

9. Дэлхий дахинд либериализм нэгэнт авсандаа оржээ. Тиймээс либериализмын идеологитой АН одоо идеологи байхгүй болсон нь тодорхой. Улс төрийн идеологи байхгүй энэ намыг сонгуульд оролцуулна гэдэг юу гэсэн үг вэ? Та сайн тунгаан бодож идеологигүй улс төрийн намд улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого байх боломжгүй гэдгийг анхаараарай. Авслагдсан либериализмын идеологитой АН улс орныг удирдана гэвэл ямар гай барцад дагуулахыг ҮАБЗ-ын тэргүүний хувьд та урьдчилан харж арга хэмжээ авах хэрэгтэй биз дээ.

10. Монголын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд улс төрийн нам гэсэн тодотголтой улс төр, бизнесийн луйварчдын бүлэглэлүүдийг Монголын хөрснөөс арчих нь Монгол төрийн дархлаа, Монгол хүний сайн сайхны төлөөх ариун үйл хэрэг юм. Та улс төрийн намуудыг татан буулгаж, Үндэстний Зөвшилцөлийг эхлүүлнэ гэсэн энэ асуудал юу болчихов оо.

11. Улс төрч хүн торгон мэдрэмжтэй, холч ухаантай байх ёстой. Монголын түүхэнд агуу улс төрийг эхлүүлэх алтан цаг мөч таны өмнө мишээж байгааг хүлээж авахгүй байна уу. Монгол орон демократ-ард түмний төрийг байгуулж тэр замаар замнах нь тодорхой. Улс төрийн намуудыг татан буулгаж Үндэстний Зөвшилцөл эхэлнэ гэдэг Монгол улс муу муухайгаасаа салж сайн сайхны замд гарах торгон мөч гэдгийг та мэдэрсэн харин үүнийгээ одоо хэрэгжүүлэх нь чухал.

12. Капитализм Социализмын аль алиных нь сайн сайхны огтлолцол буюу хослолыг хольж холоос эрж цагаа барах хэрэггүй. Германы ард түмний социал демократ буюу хүмүүнлэг үзлийн төрийн дэд бүтэц, хамтын зах зээлийн эдийн засаг буюу “нэг ч Герман хүнийг баялгийн гадна үлдээж болохгүй” гэсэн загвар бэлэн байгаа шүү. Германы социализм капитализмын давуу талыг хослуулсан загварыг Скандиновын орнууд авч хэрэглээд Нордикийн загвар нэрлэсэн байдаг.

13. Ер нь Монголын ард түмэн хүмүүнлэг зүйлд дуртай хүмүүнлэг ард түмэн шүү дээ. Тиймээс Монгол үндэстэн бол зүүний чиглэлийн улс төрийн идеологитой үндэстэн гэдгийг эндээс харж болно. Социал демократ идеологитой Монгол үндэстний улс төрийн амин сүнс нь зүүнийх шүү.

14. Монгол орон демократ-ард түмний төртэй улс байхын тулд зөвхөн зүүний улс төртэй байгаад зогсохгүй заавал барууны улс төртэй байх ёстой. Монголын барууны улс төр бол Монгол үндэстний түүхийн үнэт уламжлал дээр тулгуурласан консервативизм байх ёстой. Монголын консервативизм нь Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогыг яаж даяарчлах вэ гэсэн барууны улс төр байх нь тодорхой.

15. Тусгаар тогтносон төртэй үндэстэн өөрийн элэг нэгт гадаадад амьдарч байгаа ард түмнээ зохион байгуулж, нэгдсэн зорилготой болгож, хамтаараа сайн сайхан амьдрахаас гадна гадаадад амьдарч буй иргэддээ өөрийн амьдарч буй тухайн улсынхаа хөгжил дэвшлийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалан дуудаж, мөн өөрийн үндэстний сайн сайхны төлөө хамтаараа зүтгэхийг урамшуулдаг. Дэлхийгээр тарсан Монгол үндэстнээ та хэзээ яаж зохион байгуулалтанд оруулж ажлын гараагаа эхлүүлэх гэж байна. Таныг Монгол гэсэн нэртэй хүн бүр харж хүлээж байна.

16. 1990-ээд оноос эхэлсэн Монголын демократ-ард түмний төрийг байгуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш олон ч Монгол хүн дэлхийтэй танилцаж, хүн төрөлхтний мэдлэгийн сорыг нь ойлгож, эх орныхоо улс төр, эдийн засаг, нийгмийн болж бүтэхгүй зүйлүүдийг засан залруулж эх орноо цэнгэлийн манлайд хүргэх эрхэм зорилготой шинэ давхрага түрэн гарч ирж байгааг Монголын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд яаж хүлээж авах гэж байна вэ?

Д.Санчир



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй