Даяарчлагдсан үндэстний шинжлэх ухаан ба боловсрол

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-04-03

Орчин үед даяарчлагдсан үндэстэнийг л хамгийн хүчирхэг үндэстэнд тооцож байна. Даяарчлагдан буй дэлхий ертөнцөд Монгол улс тэсч үлдэхийн тулд ямар стратегийг баримталж юу юуг хийх ёстой вэ? Мэдээж хүчирхэг үндэстэн болж байж л оршин тогтнож чадна. Үүний тулд Монгол үндэстэн даяарчлагдсан үндэстэн болох ёстой. Даяарчлагдсан үндэстэн гэж ямар үндэстэнг хэлдэг вэ гэвэл тухайн улс бусад үндэстний даяарчлалын бодлогыг тэсч үлдэх улмаар бусад улсыг даяарчлах, өөрийн улсын онцлогтоо тохируулан улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, олон улсын бодлогыг бий болгон хэрэгжүүлдэг үндэстэн юм. Монголын хувьд ямар улс төрийн идеологи, эдийн засгийн хэлбэр, боловсролын салбарын чиглэлийг хөгжүүлж байж даяарчлагдсан үндэстэн болж чадах вэ? Монголын хувьд улс дотооддоо чиглэсэн бодлого нь хамтын ардчилсан (социол демократ), олон улс руу чиглэсэн улс төрийн бодлого нь Монголын онцлогтой консерватив идеологитой, эдийн засгийн хувьд үндэстэн дамнасан корпорациудтай хамтын зах зээлийн эдийн засгийн хэлбэртэй байх ба харин Монголчуудын эзэмших шинжлэх ухааны чиглэл нь дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн ирээдүйн чиг хандлага болсон нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи, сансрын аж үйлдвэр зэрэг өндөр ьехнологийн салбаруудыг хөгжүүлэх ба Монголчуудын боловсролын түвшин нь магистр, докторын зэргээс дээш байх шаардлагатай юм. Орчин үеийн дэлхийн жишгээр энэ бүхнийг хангасан үндэстнийг даяарчлагдсан үндэстэнд тооцогддог. Монголчууд бид даяарчлалд маш сайн бэлтгэлтэйгээр орж хүн төрөлхтнийг дахин манлайлах болно.

Даяарчлагдсан үндэстэн болж дэлхийн зах зээлийн томоохон хэсгийг эзэмшиж хүчирхэг үндэстэн болохын тулд шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол тухайн үндэстний шинжлэх ухааны хөгжил болон нийт иргэдийн мэдлэг боловсролын асуудал юм. Даяарчлагдсан дэлхийд Монгол улс шинжлэх ухааны ямар чиглэлийг хөгжүүлэх вэ? Нийт иргэдийн мэдлэг боловсролын түвшин ямар байх ёстой вэ? Энэ хоёр асуултанд хариулахын тулд зарим зүйлийг тодруулах шаардлагатай.

Эхлээд Монголчууд бид зах зээлээ тодорхойлох шаардлагатай. Зах зээл гэдэг бол ерөнхийдөө баялаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн зах зээл гэдэг бол дэлхийн жилд үйлдвэрлэгдэж байгаа баялагийн нийт хэмжээг л хэлнэ. Тийм учраас зах зээлээ тодорхойлно гэдэг бол Монголчууд дэлхийн зах зээлийн хэдэн хувийг нь эзэмшихээр төлөвлөж байгаа, төлөвлөсөн хэмжээндээ хүрэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулах зэргээ тодорхой болгох юм. Зах зээлээ тодорхой болгочихвол төлөвлөсөн зах зээлдээ хүрэх зорилгоор боловсролын чиг хандлагаа тогтооно. 2050 онд дэлхийн ДНБ 385 триллион ам долларт хүрнэ гэж дэлхийн томоохон санхүүгийн компани болох “Сити групп” тооцоолон гаргасан байдаг. Дэлхийн ДНБ-ээс хэдэн хувийг нь эзэлж байгаа нь тухайн улсыг санхүүгийн хэр хүчирхэг гүрэн болохыг нь илтгэнэ. Монголчуудын ирээдүйн зорилго бол дэлхийн ДНБ-д томоохон байр суурь эзлэх ба үүний тулд Монгол улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг хэрхэн шийдэх мөн мэдлэг боловсролыг хэрхэн хөгжүүлэхийг төлөвлөсөн төлөвлөгөө зохиож төлөвлөгөөний дагуу шургуу ажиллах ёстой.

Монголын Геополитикийн онцлогоос хамааран Монголчуудын ямар мэргэжил эзэмших, ямар шинжлэх ухааныг хөгжүүлэх гэх мэт асуудлууд шийдэгдэх боломжтой болно.

Монгол улс геополитикийн хувьд дэлхийн эдийн засаг, мэдлэг боловсрол, шинжлэх ухааны төв болоход маш тохиромжтой газарт байрладаг. Монгол улс хойд азийн төвд байрладаг хойд хэсгээрээ европ болон америк тивтэй холбогдох боломжтой, зүүн хэсгээрээ зүүн азийн орнуудтай холбогдох боломжтой, өмнөд хэсгээрээ Хятад, Энэтхэг болон зүүн өмнөд азийн орнуудтай холбогдох боломжтой, баруун хэсгээрээ исламын шашинтай орнууд буюу исламын ертөнцтэй шууд холбогдох боломжтой юм. Тиймээс Монголыг улсыг геополитикийн хувьд хойд, зүүн, өмнөд, баруун, нийслэл гэсэн 5 бүс болгон хөгжүүлэх шаардлагатай. Бүс нутаг бүрийн зорилго нь өөрийн холбогдож үйл ажиллагаа явуулах боломжтой улсуудтай холбогдох ба тухайн хэсгийн улсуудынхаа шинжлэх ухаан, мэдлэг боловсрол, эдийн засгийн төв нь болоход чиглэгдэх ёстой. Энэ шийдэл нь Монгол улсыг дэлхийн шинжлэх ухаан, мэдлэг боловсрол, эдийн засгийн төв болгох болно. Яг л 13-р зууны Эзэнт гүрэн шиг дэлхийн төв болох болно.

Өнөөдөр Монголчууд бид дээд сургууль төгсчихвөл л болоо, ямар ч хамаагүй нэг мэргэжилтэй л болчихвол болоо гэсэн хувиа бодсон, алсыг хараагүй, явцуу бодлыг тээж байна. Иргэд нь ч, төрийн түшээд нь ч улс төрийг ,эдийн засгийг буруу ойлгосоор сүүлийн 22 жилийг өнгөрүүллээ. Үнэн хэрэгтээ иргэдийн мэдлэг, боловсрол эзэмших асуудал нь тухайн улсын хөгжил дэвшил, ирээдүйд улсаа зөв зүйтэй удирдан авч явах боловсон хүчин бэлдэхтэй холбоотой стратегийн өндөр ач холбогдол бүхий асуудал юм. Тийм учраас иргэдийн мэдлэг эзэмших асуудлыг төрийн бодлогын дагуу явуулах ёстой. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд иргэдийн мэдлэг боловсрол эзэмших асуудлыг үндэстний аюулгүй байдалтай холбоотой, стратегийн өндөр ач холбогдол бүхий асуудал гэсэн байр сууринаас ханддаг.

Монголыг 5 бүс болгон бүсчилэн хөгжүүлэх үндэслэл болон зорилгоо тодорхойлчихлоо. Дараагийн асуудал бол бүсүүдийг хэрхэн хөгжүүлэх тухай юм. Бүс бүрийг шинжлэх ухаан, технологи, мэдлэгт тулгуурлан хөгжүүлэх ба төвд нь хамгийн сүүлийн үеийн технологитой, 600000 хүн амьдрах боломж бүхий 5 хотыг байгуулна. Бүс бүр болон бүсийн төвд байгуулагдах хотууд өөрийн зах зээлдээ тохирсон загварчлалаар бүтээн байгуулагдах ёстой.

Монгол улсын нийслэл хаана байх тухай асуудал тулгарна. Дэлхийн ихэнх улсууд нийслэлээ хамгийн үнэт, агуу түүхтэй газраа байгуулдаг. Энэ нь туулж өнгөрүүлсэн түүхээ авч үлдэх, уламжлалт соёлын тухай зөв, бодит ойлголттой болох, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэх гэх мэт олон талын ач холбогдолтой байдаг. Өнөөдөр Монголын нийслэл гэгдэж байгаа газар бол шашин болон мухар сүсгийн өлгий газар байсан суурин дээр 20-р зууны эхээр л Улаанбаатар хот улсын нийслэлийн төрхтэй болж эхэлсэн. Дэлхийн төв болохын тулд том түүхийн дурсамжтай газарт улсын нийслэлээ нүүлгэж, байгуулах шаардлагатай. Өвөрхангай аймгийн нутагт орших 13-р зуунд Эзэнт гүрний үед дэлхийн төв болж байсан “Хар Хорин”-д улсын нийслэлээ нүүлгэх хэрэгтэй.

21-р зуун бол мэдлэгийн зуун гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчихсөн. Мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг бол мэдлэгийн шинэ салбар болон, шинэ мэдлэг дээр л тулгуурлан явагддаг. 20-р зууны хуучирсан мэдлэгийн салбаруудаас хүн төрөлхтний ирээдүйг авч явах ямар ч шинэ мэдлэг гарахгүй. Жишээ нь: Квантын онол, харьцангуйн онолоос шинэ мэдлэг үүсэхгүй. Хүн төрөлхтний хүсэж буй зүйлс хуучирсан мэдлэгийн салбаруудад байхгүй. Шинэ мэдлэг бол амжилтын, хөгжлийн түлхүүр.

20–р зууны 40–өөд оны үед амьдарч байсан Абрахам Масловын нээсэн хэрэгцээний шат дарааллын онол (Hierarchy of needs) гэж байдаг. Абрахам Маслов хүний хэрэгцээг 5 шаталсан дараалалд хуваасан байдаг: физиологийн хэрэгцээ, аюулгүйн хэрэгцээ, сэтгэлийн хэрэгцээ, хүндэтгэлийн хэрэгцээ, өөрийгөө бодитжуулах хэрэгцээ (Self actualized) гэж тодорхойлсон бөгөөд үүнд өмнөх дөрвөн шат дарааллыг үндсэн хэрэгцээ, 5 дахь хэрэгцээг хөгжлийн хэрэгцээ буюу дээд зэрэглэлийн хэрэгцээ гэдэг. Ердөө нэгдүгээр хэрэгцээ хангагдвал дараагийн хэрэгцээндээ орох гэх мэтээр улиран шилжиж байдаг гэж тодорхойлсон.

Хэрвээ хүн төрөлхтнийг нэг хүн гэж үзвэл хэрэгцээний шат дарааллын онолоор шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээг шинжилж болно. Хөдөө аж ахуйн эрин үед хүн төрөлхтөнд тулгарч байсан асуудал бол амьд үлдэх буюу хүнсний асуудал байсан. Энэ нь суурь хэрэгцээ байсан учраас шинжлэх ухаан, технологийн хэрэгцээ нь голдуу астроном, математик, агроном болон анагаахын салбарт хөгжил гаргасан. Аж үйлдвэрийн эрин үед хүн төрөлхтөнд өдөр тутам нэмэгдэж буй материаллаг амьдралын хэрэгцээ гарч, энэ нь үндсэн хэрэгцээ байсан бөгөөд шинжлэх ухааны бүх салбарт хөгжил дэвшил авчирсан. Мэдлэгийн эрин үед хүн төрөлхтний материаллаг амьдрал хангалттай болсон учир хүн төрөлхтөнд гол тулгамдсан асуудал нь амьдралын чанар болон оюуны амьдралын хэрэгцээ болсон учраас материал болон оюуны амьдралтай холбогдолтой шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ гарч цаашлаад сансрын орон зайг колончилохтой холбоотой шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ гарах болно.

Хүн төрөлхтөн үүссэн тэр цаг мөчөөс одоо хүртэл энэ дэлхийн тойрон буй орчинд амьдарч байгаа хүн төрөлхтний оршин тогтнол ба хөгжил 4 хүчин зүйлээс шалтгаалдаг: материал, энерги, мэдээлэл, орон зай. Гэхдээ хүний бие бол суурь нь гэдгийг мартаж болохгүй. Эдгээр 4 хүчин зүйлс болон хүний бие нь, шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээний тухай авч хэлэлцэх түүхийн логик бөгөөд шинжилгээ хийх цар хүрээ гэж хэлж болно.

Хөдөө аж ахуйн эрин үед хүн төрөлхтний гол шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ нь хүнс ба материалын тухай шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ байсан. Үүнд агроном, астроном болон хэрэглээний технологи гэх мэт багтана. Мэдээлэл, орон зай болон хүний биеийн тухай шинжлэх ухаан, технологид тодорхой дэвшил гарсан. Аж үйлдвэрийн эрин үед хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ нь материал, энерги, мэдээлэл, орон зай, хүний биеийн тухай байсан. Мэдлэгийн эрин үед хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ нь ногоон өндөр технологи, ногоон эрчим хүч, мэдээлэлийн технологи, сансарын тээвэр, биотехнологи, ба нанотехнологи гэх мэт.

Аж үйлдвэрийн эрин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг технологийн онцлогийг үндэслэж гурван үе шатанд хуваадаг: механикжилтийн эрин үе (18-р зуунд эхэлсэн), цахилгаанжилтийн эрин үе (19-р зуунд эхэлсэн) ба электроникийн эрин үе (20-р зууны 40-өөд оноос эхэлсэн). Мэдлэгийн эрин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг технологийн онцлогийг үндэслэж гурван эрин үед хуваадаг: мэдээллийн эрин үе (20-р зууны 70-аад оноос эхэлсэн), өөрийгөө хувилах эрин үе (21-р зууны 20-оод оноос эхэлнэ), сансарын колончиллын эрин үе (21-р зууны сүүлээр эхэлнэ).

18-аас 20-р зууны хооронд шинжлэх ухаан, технологи нь натур буюу байгалийг өөрчилж хүн төрөлхтний эрэлт хэрэгцээг хангасан. Харин 21-р зуунд шинжлэх ухаан, технологи нь хүн төрөлхтөн өөрийн биеийг нь өөрчлөх ба сансарын орчинд зохицох тийм өөрчлөлтийг авчирна.

Мэдлэгийн зуунд 20-р зууны хуучирсан үнэлэмжүүд өөрчлөгдөнө. 20-р зуунд үсэг бичиг тайлагдсан, уншиж бичиж чаддаг хүнийг үнэлдэг байсан бол 21-р зуунд үсэг бичиг тайлагдсан, Ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж төгссөн, бакалаврын зэрэгтэй хүмүүс шаардлага хангахгүй. Хүн төрөлхтний 21-р зууны шинжлэх ухааны чиг хандлага болсон мэргэжлүүд болох мэдээллийн технологи, нанотехнологи, биотехнологи, сансрын аж үйлдвэр гэх мэт шинжлэх ухааны чиглэлүүдээр магистр, докторын зэрэг хамгаалсан мэдлэгтэй хүмүүс мэдлэгийн зуунд амьдрах шаардлага хангана.

21-р зууныг Монголын зуун болгох ёстой. Монголчууд бид мэдлэг боловсролтой болж, шинжлэх ухааны том том төслүүдийг хэрэгжүүлж, олон шинэ нээлтүүдийг хийх хэрэгтэй. Аливаа нийгэм иргэн хүн дээр л тулгуурладаг. Мэдлэгтэй, моралтай, ухамсартай Монгол иргэнийг бэлдэхийн тулд яг одооноос Монголын залуучуудад дэлхийн боловсролыг олгож эхлэх. Олигархижсан, авилгажсан улс төрийг бүрмөсөн устгаж идеологитой, моралтай, стратегитай улс төрийг авчрах. Түүхий эдэд суурилсан хоцрогдсон эдийн засгаас үндэстэн дамнасан корпорацуудын чиг баримжаатай, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих. Хоцрогдсон уламжлал, мухар сүсэг, тархи эргүүлсэн элдэв шашинаас салж этик болон эстетикийн өндөр мэдлэгтэй иргэдийг бэлдэх. Монгол хүн жалга довны үзлээсээ салж, өвөг дээдсийн бүтээсэн агуу Монгол улсын алсын хараагаар дэлхийг тольдон харах. Хойд азийн цээжиндэх хоцрогдсон Монголыг биш хүн төрөлхтний бахархал болсон хуучин түүхийн санамжин дээр шинэ Монголыг цогцлоон бүтээх. Монгол орныг бүсчилэн хөгжүүлэх төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэн, аж үйлдвэрийн, шинжлэх ухааны дэлхийн хэмжээний паркуудыг байгуулах. Монголчууд хүн төрөлхтнийг дагах биш хүн төрөлхтөн Монголчуудыг дахин дагах тэр цаг удахгүй...

Б.Үнэнбат



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй