Чехэд шуудангийн илгээмжийг явуулах талаарх хэрэгтэй мэдээллүүд

Нийтлэсэн: admin
Огноо: 2020-02-19

Чех гэлтгүй ер нь аль ч улсад та шуудангаар илгээмж явуулахдаа тогтсон стандарт жишигт тааруулан хаяглаж байгаарай. Зөв хаягласан илгээмж нь шуудан хүргэгчдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна таны хувийн соёлыг илтгэх “нэрийн хуудас” болдгийг санахад илүүдэхгүй.


Илгээмжийн нүүр талын зүүн дээд буланд явуулагчийн нэр хаяг бичигдэнэ. Та өөрөө явуулж байгаа бол таны нэр, гэрийн хаягаа бичнэ гэсэн үг. Харин баруун доод буланд хүлээн авагчийн нэг хаягийг бичнэ. Хаягласан эзэндээ хүрээгүй захидал буцаж ирэх тохиолдол байдаг тул илгээгч өөрийн хаягаа ч гэсэн зөв бичих нь их чухал.

                Овог нэр
                Гудамжны нэр, тоот хаяг
                Шуудангийн бүсчэлийн код (5-н оронтой зип код)
                Хотын нэр
                (Улсын нэр)

Дээрх дарааллаар явуулагчийн болон хүлээн авагчийн хаягийг гаргацтайгаар, болж өгвөл дармалаар усанд уусдаггүй балан үзгээр бичээрэй.

Чехэд заримдаа илгээмж явуулагч өөрийн хаягаа Х маягаар дээгүүр нь хөндлөн дарж зурах нь байдаг. Ингэж дарсан хаяг руу явуулахгүй гэсэн тэмдэг гэж ойлгож болно.

Чехийн шууданд (Česká pošta) хамгийн өргөн хэрэглэгддэг үйлчилгээ болох захидал, боодол явуулах илгээмжийн талаар одоо товч танилцуулъя.

Захидлыг энгийн, баталгаат гэж 2 төрлөөр явуулж болно.

1. Энгийн захидал (obyčejný):

        - Шуудан таны захидлыг хүлээж авсан, эсвэл хүргэж өгсөн талаарх мэдээллийг баталгаажуулдаггүй тул алдагдсан тохиолдолд хариуцлага үүрэхгүй

        - Иймээс явуулж байгаа захидлын тань үнэлэмж өндөр бол хэрэглэх хэрэггүй

        - Хүлээн авагчийн гэрийн шуудангийн хайрцагт хүргэгдэнэ.

2. Баталгаатай буюу бүртгэгдсэн захидал (doporučený):

        - Шуудан танд захидлыг хүлээж авахдаа бүртгэлийн дугаар өгнө.

        - Шуудангийн байгууллагуудын хооронд дамжуулахдаа шат дамжлага бүрд баталгааны дугаарын тусламжтайгаар бүртгэлжүүлж, хаягт эзэнд нь гардуулахдаа гарын үсэг зуруулдаг ба илгээгч, хүлээн авагч нь бүртгэлийн дугаарыг ашиглан илгээмжийн байршлыг хянах боломжийг олгодог шуудангийн илгээмжийг хэлнэ.

        - Албан бичиг, ном, үнэ бүхий жижиг зүйл явуулахад тохиромжтой.

        - Гэмтсэн, эсвэл алдагдсан тохиолдолд шуудан хохирлыг нөхөн төлнө.

2020 оны 2 сарын 1-нээс эхлэн Чехийн шуудан захидлыг Европ стандартаар “хоёр төрлийн хурдаар” эрэмбэлэн явуулж эхэлсэн.

Хурдавчилсан (prioritní)
  - Тусгай таних тэмдгээр тэргүүн ээлжинд ялгаж, шуурхай дамжуулагдана
  - Захидал өгсөний дараах ажлын өдөрт хүргэгдэнэ

Ердийн (еkonomický)

  - Хэрэв захидлаа богино хугацаанд хүргүүлэх нь чухал биш бол.
  - Ажлын 2 хоногтоо хүлээж авна.
  - Хурдавчилсан захидлаас 7 чех корунаар хямд байна.

Боодол (balík)

Боодол илгээмжийн төрөл нь маш олон янз байна. Ихэвчлэн дараах төрлүүдийг Чех улсад хэрэглэнэ.

Balík na poštu
  - Таныг байхгүй үед шууданч ирээд явчихдаг. Тэгээд тэртээ тэргүй шуудан орж илгээмжээ авдаг хүмүүст илүү тохиромжтой.
  - Боодол таны сонгосон шуудан руу илгээгдэж тэндээ хадгалагдана.
  - Илгээмж тань ирснийг цахимаар мэдээллэнэ. Мессеж юмуу э-мэйл.
  - Шуудан дээрээ өөрөө очоод кодоо үзүүлээд илгээмжээ авна.

Balík do ruky
  - Гарт тань хүргэх үйлчилгээ
  - Энэ төрлийн илгээмж нь ажлын 1-2 хоногтоо очино
  - Хүлээн авагч бичиг баримтаа үзүүлж хүлээн авна.

EMS
  - Буухиа шуудан
  - Хамгийн хурдан очино.
  - Илгээмж өгсөний дараах ажлын өдрийн 14:00 цагаас өмнө хүргэж өгөх баталгаатай. Төв болон аймгийн хотуудад 12:00 цагаас өмнө хүргэж өгнө.

Боодол явуулахад уртын хэмжээгээр 4-р үнийн ангилалд хуваагдана.

S” – 35 см хүртэл урт

M” – 50 см хүртэл урт

L”– 100 см хүртэл урт

XL” – 240 см хүртэл урт


Чехийн шуудангаар боодол явуулахад хэр үнэтэй болохыг дээрх хүснэгтээс мэдэж болно. Боодлын хамгийн урт талыг метрээр хэмжээд харгалзах ангилалд танд тохирох үйлчилгээгээ сонгож харна уу. 

Чехийн Шуудангаас гадна хүргэлтийн үйлчилгээ явуулдаг хувийн хэвшлийн Zásilkovna гэдэг компани байдаг.


Илгээмж хүлээн авах ба өгөх газар нь ихэвчлэн жижиг бизнес эрхэлдэг газрууд байна. Жишээлбэл, гэрийн тань ойролцоо байрлах дэлгүүр, үйлчилгээний эсвэл кофений газар ч байх боломжтой. Мессежээр ирсэн кодоо үзүүлээд илгээмжээ авна. Tа ямар нэгэн дараалалд зогсохгүй, мөн өөрийн боломжит цагаар тухайн газрын нээлттэй байх хугацаанд очоод авна. 5 кг хүртэлх жинтэй 50 см урттай илгээмжийн хувьд 69 корунаас эхэлнэ. Илгээмж өгсөнөөс хойш ажлын 2 хоногт очино.




Энэхүү нийтлэл нь TERGUULEGCH.com сайтын оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.








Сэтгэгдэл бичих